Өдөрт 11 буюу түүнээс дээш цаг ажилладаг хүмүүсийн 67% нь зүрхний шигдээсээр өвчлөх магадлалтай байдаг.
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 44 секунд

Өдөрт 11 буюу түүнээс дээш цаг ажилладаг хүмүүсийн 67% нь зүрхний шигдээсээр өвчлөх магадлалтай байдаг.

Зүрхний титэм судас бөглөрөхөд зүрхний булчин хүчилтөрөгчийн дутагдалд орж богино хугацаанд нас барахыг зүрхний шигдээс гэнэ.

Зүрхний булчин нь ажиллахын тулд хүчилтөрөгчийн агууламжтай цусаар тэжээгддэг бөгөөд энэ цус нь зүрхний титэм судсаар дамждаг. Осол гэмтэл, битүү гэмтэл зэргээс үүссэн бүлэн титэм судсанд очин бөглөх, зүрхний титэм судас нарийссан эсвэл гэмтсэн бол цусны эргэлт муудаж улмаар бөглөрөн зүрхний шигдээст хүргэх аюултай.

Зарим тохиолдолд титэм судасны таталт үүсэх тохиолдол ч байдаг. Титэм судас таталт өгөхөд судсаар цус тасалдан зүрхний булчинд очих хүчилтөрөгчийг бууруулдаг.

Шалтгаан

Зүрх судасны өвчин үүсэх хоёр эрсдэлт хүчин зүйл бий гэж үздэг.

  1. Засагдаж болох
  2. Засагддаггүй

Засагдаж болох эрсдэлт хүчин зүйл гэдэгт: таргалалт, хөдөлгөөний хомсдол, өөх тосны алдагдал, тамхидалт, чихрийн шижин орно. Өөрөөр хэлбэл урьчилан сэргийлэх боломжтой өвчин юм.

Засагддаггүй гэдэгт удамшил болон хүйс, нас орно. Гэр бүлийн гишүүдийн дунд эрэгтэй хүн 55-аас доош насанд, эмэгтэй хүн 60-аас доош насанд зүрхний шигдээс болон тархины харвалтаар нас барж байсан түүх байдаг бол тэр нь удамших магадлалтай гэсэн үг юм. Үүнээс гадна эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бодвол энэ төрлийн өвчнөөр өвдөх магадлал нь өндөр гэж үздэг. Мөн нас ахих тусам зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг.

Шинж тэмдэг

  • Цээжин дээр дарж өвдөх, өвдөлт гар, хүзүү, эрүү шүдрүү дамжих
  • Гар, цээж хүнд болж байгаа мэт санагдах
  • Хоолой боогдож байгаа мэт болох
  • Хөлс гарч, толгой эргэж, бөөлжих
  • Ядарч сульдах
  • Өтгөн шингэрэх
  • Зүрхний хэм алдагдах
  • Амьсгал давхцах, ухаан балартах, ханиах, зүрхний цохилт олшрох зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Дээрх шинж тэмдгүүд 20 минутаас дээш хугацаанд үргэлжилбэл яаралтай түргэн тусламж дуудах шаардлагатай бөгөөд зүрхний шигдээс биш байсан ч эдгээр нь ихэвчлэн зүрхтэй холбоотой ямар нэгэн асуудал үүссэнийг илтгэнэ.

Хүндрэлүүд

  • Зүрхний шок
  • Зүрхний дутагдал
  • Зүрхний эдийн өргөсөл, өөрөөр хэлбэл зүрхний булчин цуурч хагарах
  • Зүрхний үнхэлцэг хальс үрэвсэх
  • Хэм алдагдах
  • Уушгины судсанд бүлэн үүсэх
  • Тархины судсанд бүлэн үүсэх
  • Эмийн гаж нөлөөнүүд

Урьдчилан сэргийлэлт

Зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг.

  • Даралт ихсэх өвчтэй бол даралтаа тогтмол хэвийн хэмжээнд барих
  • Илүүдэл жингээ хасах
  • Тайван, уур бухимдалгүй байх
  • Зөв хооллож цусан дахь холестериныг бууруулж, бага хэмжээнд барих
  • Чихрийн шижинтэй бол хүндрэлээс сэргийлж, мэргэжлийн эмчийн хяналт үзлэгт тогтмол орж занших

Оношилгоо

Зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээгээр (ЭКГ) зүрхний шигдээсийг батлах ба өөрчлөлтийг харж болно. Цахилгааны бичлэгээр зурхний булчин аль хэсгээр хэр хэмжээнд гэмтсэнийг үнэлэх, зүрхний хэм хэвийн байгаа эсэхийг тогтооно. Оношийг батлах зорилгоор зүрхний гэмтсэн булчингаас цусны урсгал руу ялгаран ордог тодорхой химийн бодисуудын түвшнийг цусны шинжилгээгээр шинжилнэ. Мөн цээжний гэрэл зураг хийж онош тодруулж болно. Та урьд нь зүрх өвдөж эмчид үзүүлж эмчлүүлж байсан бол зүрхний шигдээсийг оношлоход түлхэц болно.

Эмчилгээ

Зүрхний шигдээсийн шинж тэмдэг илэрсэн өвчтөнд оношлогоо, эмчилгээ зэрэг хийгддэг. Зүрхний булчин үхжих аюултай гэж сэжиглэж байгаа үед эмчилгээг аль болох цаг алдалгүй хийж чадвал зүрхний булчингийн үхжилээс сэргийлнэ.

Эмэн болон мэс заслын гэсэн хоёр төрлийн эмчилгээний арга бий.

Эмэн эмчилгээнд

Гол зорилго нь судас бөглөрөх, цус өтгөрч нөж үүсэхээс сэргийлэхэд оршино. Зүрхний шигдээс явагдаж эхэлснээс хоёр цагийн дотор дараах эмүүдийг уух бөгөөд эрт уух тусам зүрхийг бага гэмтээнэ.

  • Цусан дахь нөжийг бутлах, хайлуулах эмийг эмчийн зөвлөгөөгөөр ууна
  • Зүрхний судсыг тэлэх зорилготой эм ууж болно

Мэс заслын аргаар зүрхний шигдээсийг мэс заслын аргаар эмчлэхэд зүрхний титэм судсанд тэлэгч суулгах эсвэл зүрхний титэм судсыг тойруулах эмчилгээ хийж болно. Хэрэв шаардлагатай бол зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлэхэд нэмэлт судас суулгадаг. Зүрхний шигдээс явагдаж байгааг ажиглан зогсоож чадсан бол тайвширч болохгүй. Цаашид дахин зүрхний шигдээс болох аюултай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй.

Нөхөн сэргээх эмчилгээ нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс бүрдсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг багийн үзүүлдэг тусламж үйлчилгээ, хөтөлбөр юм. Хувь хүний өвчний дараах эрүүл мэнд, амьдралын хэв, сэтгэл зүйн байдлыг дэмжих зорилготой. Нөхөн сэргээх эмчилгээ нь эмэн болон мэс заслын эмчилгээгээний үр дүнд нь сайн нөлөө үзүүлнэ.

Зүрхний шигдээсээр өвдсөний дараа, та амьдралын хэв маягаа зөв болгон өөрчлөхөд бие махбод богино хугацаанд сэргээд зогсохгүй дахин зүрхний шигдээс болох эрсдэл буурна.

  • Тамхи татахыг зогсоох нь дахин зүрхний шигдээс үүсэхээс сэргийлэх хамгийн гол хүчин зүйл
  • Эрүүл хооллож биеийн жингээ өөрийн өндөр, биеийн бүтцийн онцлогт тохируулан барих
  • Архи уудаг бол багавтар, дундаж хэмжээгээр хэрэглэх буюу стандарт хэмжээнд хэрэглэж сурах. Архи их хэмжээгээр хэрэглэх үед цусан дах магнийн хэмжээ ихсэж цусны даралтыг нэмэгдүүлж улмаар зүрхний шигдээс, цус харвалт, зүрхний хэм алдалт үүсэх эрсдэлд хүргэнэ
  • Эмчийн хяналттайгаар дундаж ачаалалтай дасгал хийж чаддаг болтлоо дасгалын ачааллаа бага багаар ихэсгэн хийх программд хамрагдах
  • Та 8-12 долоо хоногийн дараа ажилдаа эргээд орж болно. Суудлын ажилтай бол үүнээс богино хугацааны дараа ажилдаа орж болно
  • Стресс ихтэй нөхцөл байдлаас зайлсхийх,
  • Дөрвөн долоо хоногийн дараа машин барих боломжтой
Бүрэн дунд сургуулийн дундаж төлбөр 4,5 сая төгрөг
Бүрэн дунд сургуулийн дундаж төлбөр 4,5 сая төгрөг
 
Ардчилсан намаас 2024 оны УИХ -ын сонгуульд нэр дэвшигчид.
Ардчилсан намаас 2024 оны УИХ -ын сонгуульд нэр дэвшигчид.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!