
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болж, эдийн засгийн өсөлтөө хурдасгах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Ази-Европыг холбосон хамгийн дөт коридорт тооцогддог УБТЗ-ын гол зам чухал үүрэгтэй.
Сүүлийн жилүүдэд тус нийгэмлэгийн гол замаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3,144 чингэлгийн галт тэрэг ОХУ, БНХАУ-ын хооронд аялсан байна. Дамжин өнгөрөх галт тэрэгний тоо хэдий өсөн нэмэгдэж байгаа ч ачаа илгээгч нарт үзүүлдэг хөнгөлөлт нь УБТЗ-ын тээврийн үр ашгийг тодорхой хэмжээгээр бууруулж ирсэн юм.
Тэгвэл 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ачаатай 20 футын чингэлэгт олгодог 25 хувийн хөнгөлөлтийг 15 хувь болгохоор УБТЗ-ын Ерөнхий хорооны хурлаас шийдвэрлэв.
Ингэснээр УБТЗ-ын тээврийн үр ашиг дээшилж, манай улсад орох валютын орлого нэмэгдэх юм.










Discussion about this post