Сингапур өрсөлдөх чадвараар тэргүүлэв
2026 оны өрсөлдөх чадвар хамгийн сайтай улсаар Сингапур шалгарч, Хонконг, Швейцар, Тайвань болон Арабын Нэгдсэн Эмират улсууд айрагджээ.
Швейцарын Лозанн хот дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 38 дахь жилдээ эрхлэн гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д нийт 70 улсыг хамруулсан байна. Манай улс 2015 оноос хойш тогтмол эрэмбэлэгдэж ирлээ.
Энэ жилийн тайлан “Институтийн итгэл даах чадвар” сэдвийн хүрээнд танилцуулагдав. Улс, үндэстний өрсөлдөх давуу тал нь сайн засаглал, дасан зохицох чадвар, сөрөн тэсвэрлэх чадвараас улам бүр хамаарч байгааг онцолжээ. Учир нь дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буй цаг үед хууль дүрэм нь ойлгомжтой, амлалтаа хэрэгжүүлэх чадвартай, хуулийн засаглал сайтай улс орнууд илүү өрсөлдөх чадвартай гэж тооцогдох болов.
Судалгаанд нийт 341 үзүүлэлтийг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэгт ангилан авч үздэг.

Монгол Улс Эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 4 байр ухарч 59-рт эрэмбэлэгдсэн. Үүнд ДНБ-д эзлэх дотогш чиглэсэн шууд хөрөнгө оруулалт үзүүлэлтээр 6, бараа бүтээгдэхүүний экспорт үзүүлэлтээр 13, оффисын түрээсийн үнэ үзүүлэлтээр 1-рт эрэмбэлэгдсэн нь эергээр нөлөөлсөн боловч экспорт нэг түншээс хэт хамааралтай байх үзүүлэлтээр 70, эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвар үзүүлэлтээр мөн 70, үйлчилгээний салбарын экспорт, инфляц үзүүлэлтүүдээр 64-39д эрэмбэлэгдсэн нь нөлөөлжээ.
Засаглалын үр ашиг өмнөх онтой харьцуулахад 2 байраар ухарч 63-д эрэмбэлэгдсэн. Үүнд институтийн тогтолцоо, бизнесийн хууль эрх зүй, төрийн санхүүгийн менежментийн сул байдал голлон нөлөөлжээ.
Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа 3 байраар урагшилж 62-д жагссан. Үүнд хөдөлмөрийн зардал бага, хөдөлмөрийн зах зээлийн урт хугацааны өсөлт, санхүүгийн үйлчилгээний хүртээмж сайжирсан нь нөлөөлжээ.
Дэд бүтэц өмнөх оны адилаар 66-д эрэмбэлэгдсэн бөгөөд технологи, шинжлэх ухаан, суурь дэд бүтцийн үзүүлэлтүүд ерөнхийдөө сул түвшинд байна.



















Discussion about this post