Монголбанк мөнгөний бодлого, хэрэгжилтийн тогтолцоог сайжруулахад Олон Улсын Валютын Сангийн техник туслалцааны багийнхантай хамтран ажиллав.
Тухайлбал, Монголбанкны мөнгөний бодлогын тогтолцоо, үйл ажиллагаа, эдийн засгийн төсөөллийн загварыг үнэлж, тэдгээрийн найдвартай байдал, үр нөлөөг сайжруулах санал, зөвлөмж боловсруулав. ОУВС-гийн баг Монголбанкны мөнгөний бодлогын арга хэлбэрийг судалж, боловсронгуй болгох талаар үнэ цэнтэй зөвлөмж өгчээ. Мөн нээлттэй захын үйл ажиллагаа, заавал байлгах нөөц, байнгын санхүүжилтийн хэрэгсэл, гадаад валютын дуудлага худалдаа зэрэг мөнгөний бодлогын хэрэгслийг хөгжүүлэх санал, зөвлөмж өгч, цаашид техникийн дэмжлэгээ үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Монголбанк 2014 оноос мөнгөний бодлого боловсруулах, эдийн засгийн төлөвийг төсөөлөх, бодлогын хувилбарын үр нөлөөг шинжлэхэд улирлын төсөөллийн загвар ашиглаж иржээ. Энэ удаагийн техникийн туслалцаагаар уг загварын бүтэц, валютын ханш, хүүгийн түвшний тооцоо, эдийн засгийн чиг хандлагын төсөөлөл зэргийг цогцоор нь авч үзэж, сайжруулах боломжийг тодорхойлсныг төв банк мэдээлэв.
Мөн эдийн засгийн төсөөллийн найдвартай байдлыг нэмэх, загварын ашиглалт, хөгжүүлэлтийг сайжруулах, Монголбанкны мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллажээ.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт ОУВС-гийн техник туслалцааны багийнхан мэргэжлийн дэмжлэг, зөвлөгөө өгсөнд талархаад, мөнгөний бодлогын тогтолцоог боловсронгуй болгох, хөгжлийн чиглэлийг тодорхойлоход энэ хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулсныг тодотгов.
Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, мөнгөний бодлогын шинжилгээ, эдийн засгийн төсөөллийн аргачлалыг сайжруулах, бодлогын шийдвэр гаргах чанарыг дээшлүүлэх, мөнгөний бодлогын хэрэгслийг боловсронгуй болгож, шилжих механизмыг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтойг онцолжээ.



















Discussion about this post