Замын-Үүд боомт дахь улсын хил хамгаалах 0108 дугаар ангийг тус боомтын төмөр замаар орж, гарч байгаа ачаанд үзлэг шалгалт хийх хяналтын төхөөрөмжтэй болгох санхүүгийн асуудлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН шийдэж өглөө. Уг хяналтын төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр Замын-Үүдийн төмөр замаар хятадын талтай солилцох галт тэргэнд хийх үзлэг шалгалтын цаг багасаж, илүү олон галт тэрэг солилцох боломж бүрдэнэ. Өнөөдөр Замын-Үүд –Эрээн өртөө хооронд өргөн царигаар хоногт дунджаар 700 вагон, нарийн царигаар хоногт дунджаар 500 вагон ачаа солилцож байгаа юм.
2024 онд Замын-Үүд–Эрээн өртөө хооронд 17.3 сая тонн ачаа төмөр замаар солилцож байсан бол энэхүү хяналтын төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр жилд өргөн царигаар 2.1 сая тонн, нарийн царигаар нэг сая тонн ачаа илүү солилцох боломжтой болно.
Ташрамд дурдахад, гурван жилийн өмнө “Улаанбаатар төмөр зам” ХНН өөрийн хүч хөрөнгөөр Замын-Үүд боомтын улсын хилийн зурваст галт тэргэнд үзлэг шалгалт хийх зориулалттай тавцант цамхгийг барьж Хил хамгаалах 0108 дугаар ангид хүлээлгэн өгч байсан юм.



















Discussion about this post