Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Орон сууцны төв комисс (ОСТК)-оос жил бүрийн оны эцэст зохион байгуулдаг, төмөр замчдын хүсэн хүлээдэг нэгэн томоохон ажил нь орон сууцны мөнгөн дэмжлэг олгох шалгаруулалт билээ. Улсаас болон төмөр замаас байр хувьчилж аваагүй, УБТЗ-ын хэрэгжүүлсэн орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй бөгөөд анх удаа өөрийн өмчлөлийн орон сууцтай болж, түүнийгээ ипотекийн зээлээр, эсхүл орон сууц худалдан авах зориулалтаар олгогдсон банк, санхүүгийн байгууллагын зээлээр худалдан авсан бол дэмжлэг үзүүлэх энэ ажил анх 2014 онд 20 төмөр замчинд тус бүр хоёр сая төгрөг олгосноор эхэлсэн. 2014-2025 онд буюу энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 11 жилд нийтдээ 483 ажилтанд 2.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж байгааг ОСТК-ынхон онцлон танилцууллаа.
УБТЗ ХНН болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2024-2025 оны хамтын гэрээний 6.17 дахь заалтын дагуу 2025 онд 70 ажилтан тус бүрд 6.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүлж байна. Тодруулбал, Замын даргын 2022 оны А/760 дугаар тушаалаар баталсан “Зээлийн орон сууц анх удаа худалдан авсан ажилтанд мөнгөн дэмжлэг үзүүлэх нийтлэг журам”-ын дагуу энэ онд 10 алба, 46 салбар нэгжийн нийт 221 ажилтны 10487 хуудас материал иржээ. Эдгээр материалыг ОСТК-ын төлөөлөл зургаан хүний бүрэлдэхүүнтэй хүлээн авч, 41 үзүүлэлтээр нягтлан хянахад 93 ажилтны материал шаардлага хангасан байна. Оноогоор эрэмбэлсэн жагсаалтын эхний 70 ажилтанд мөнгөн дэмжлэг гардуулж, үлдсэн 23 ажилтан ирэх онд материалаа дахин өгөх боломжтойг онцлоод төвийн хэсэглэлийн 47 ажилтанд Замын дарга Х.Хэрлэн, Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг тэргүүтэй ОСТК-ынхон энэ сарын 26-нд батламж гардууллаа.
Энэ жилийн шалгаруулалтын талаар Замын даргын ажлын албаны Нийгмийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, ОСТК-ын гишүүн Ц.Ариунаагаас тодруулахад “ОСТК энэ жил 221 ажилтны ам бүл 877 хүн, үүний 450 хүүхдийн материалыг нягтлан үзлээ. Шалгаруулалтад тэнцсэн 70 ажилтны 47 нь төвийн хэсэглэлээс, 11 нь хойд хэсэглэлээс, 12 нь урд хэсэглэлээс хамрагдсан байна. Шалгаруулалтын журамд гэр бүлээрээ төмөр замд ажилладаг, олон хүүхэдтэй, мөн ар гэрт нь хөгжлийн бэрхшээлтэй гишүүн байдаг эсэх гээд олон талаас нь харгалзан үздэг. Эхнэр, нөхөр хоёулаа УБТЗ-д ажилладаг 36 гэр бүл хүсэлт ирүүлсэн. Үүнээс 19 нь шалгуур хангаж, зургаан сая төгрөгийн мөнгөн дэмжлэгт 18 нь хамрагдлаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд есөн ажилтны ар гэрийн ахуй амьдрал, нөхцөл байдлыг харгалзан журмын үзүүлэлтээр оноо өгч дэмжлэг үзүүллээ. Манай Нийгэмлэгийн хэрэгжүүлж буй “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд говийн бүсэд ажилладаг 39 ажилтан баримт материалаа ирүүлсэнээс 15 нь мөнгөн дэмжлэгт тэнцсэн байна. Орон сууцны мөнгөн дэмжлэгт хамрагдахаар таван жил дараалан материал хүсэлтээ ирүүлсэн Улаанбаатар татах хэсгийн ажилтан энэ жил шалгаруулалтад тэнцэж 6.000.000 төгрөг гардлаа. Энэ нь онооны хувьд мөнгөн дэмжлэгт хамрагдаж чадаагүй үлдсэн 23 ажилтан урам хугарахгүйгээр, баримт материалаа илүү сайн бүрдүүлээд, ажилласан жилийн онооны болзлоо улам сайн хангаад дахин өгч болно гэдгийг харуулж байгаа юм” гэв.
Түүнчлэн, ОСТК-ынхны танилцуулснаар Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Зорчигчийн вагон депо, Улаанбаатар татах хэсэг, Сайншанд татах хэсэг, Замын II анги, Дохиолол холбооны II анги, Төв эмнэлэг, Улаанбаатар Цэрэгжүүлсэн хамгаалах анги ажилтныхаа баримт материалыг журмын дагуу маш сайн бэлтгэж ирүүлжээ.



















Discussion about this post