Хонда, Ниссан, Мицубиши нар нэгдэж цахилгаан машин үйлдвэрлэлээр шинэ түвшинд гарах талаар ярилцаж байгаагаа саяхан олон нийтэд зарласан.
Энэхүү хэлэлцээр нь Хятадын цахилгаан машин үйлдвэрлэл маш хурдтайгаар хүрээгээ тэлж байгаатай холбоотой бөгөөд Хонда, Ниссан , Мицубиши компаниудын борлуулалт буурч дагаад хувьцааны үнэ унаж байгаатай уялдуулан тайлбарлаж байна.
Японы автомашин үйлдвэрлэгчид нэгдэх тухай ярьж эхэлсэн нь Ниссан моторс болон Хонда моторсоос эхлэлтэй. Энэ удаад Мицүбиши нэгдэж байгаа юм. 2025 оны нэгдэх процесс дуусна гэж тооцсон байна.
Энэ нэгдэл нь хятадын машин үйлдвэрлэгчдийг ардаа хаяад зогсохгүй дэлхийд эхний гуравт эрэмблэгдэх машин үйлдвэрлэгч групп болно гэж төсөөлжээ.
Тэдний нутаг нэгт Тоёота компани нь цахилгаан болон хосолсон моторт автомашины үйлдвэрлэлээрээ эрт эхэлж дэлхийд байр сууриа алдаагүй , санхүүгийн хувьд харьцангуй уян хатан хэвээр байгаа юм.
Хондагийн зах зээлийн үнэлгээ 6,74 тэрбум иен буюу 34 тэрбум фунт стерлинг байгаа бол Ниссан 1,67 тэрбум иен. Хонда 2023 онд 3.8 сая машин зарж Nissan-аас хамаагүй илүү үр ашигтай ажилласан. Mitsubishi 2023 онд 700,000 автомашин борлуулсан байна.
Ниссаны ашиг орлого нэр хүнд буурах гол шалтгаан нь 2018 онд гүйцэтгэх захирал асан Карлос Госн баривчлагдсантай холбоотой.
Госн шалгагдах явцдаа Японы гэрийн хориноос зугтаж, тусгай хүчний хуучин ажилтнуудын тусламжтайгаар хөгжмийн зэмсгийн хайрцагт нуугдаж хил гарсан бөгөөд одоо Ливанд амьдарч байгаа юм байна.
Саяхан тэрээр Ливанаас CNBC , Ройтерс сувгуудаар дамжуулж үг хэлэхдээ энэ гурван компани нэгдэх нь “утгагүй” бөгөөд Ниссан Хондагын хохирогч болно гэж хэлжээ.
Хондагийн гүйцэтгэх захирал Тошихиро Мибе хэлэхдээ, энэ салбарт ийм өөрчлөлт 100 жил тутамд л тохиолдох бөгөөд энэ нь цахилгаан машинд шилжих нь автомашины зах зээл дахин эхлэлтэй адил чухал ач холбогдолтой гэдгийг харуулж байна гэсэн байна.
Discussion about this post