Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд улс төрийн нам, эвслүүдээс цагдаагийн байгууллагад ирсэн гомдлын талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр/2024.10.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэлийн албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул:
-“Өнөөдөр /2024,10,09/ сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр буюу 00:00 цагт орон даяар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дуусна. Энэ цагаас хойш ямар нэг хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийвэл хууль зөрчсөн гэж үзнэ. Сонгуулийн өдөр иргэд саналаа өгөхдөө саналын хуудасны зураг дарж цахим хуудастаа байршуулдаг. Мөн сонгуулийн хуудсыг авч гардаг. Үүнийг хууль зөрчсөн гэж үздэг. Уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу иргэнийг 10 нэгжээр буюу 10 сая төгрөгөөр торгох хуулийн заалт бий. Тиймээс сонгогчид саналаа өгөхдөө зураг дарж цахим хаягтаа хийхгүй байхыг анхааруулж байна. Мөн сонгуулийн өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан мөн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан тохиолдолд иргэнийг 10 мянган нэгжээр, хуулийн этгээдийг 100 мянган нэгжээр торгохыг сануулав. Аравдугаар сарын 10-12-ны өдөр хүртэл согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон гэсэн юм. Мөн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд СХД-ийн сонгуулийн сурталчилгааны санал авах байранд иргэд архидан согтуурч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Харьяаллын дагуу СХД-ийн цагдаагийн I хэлтэс хэрэг бүртгэл нээн хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр тэрбээр “Сонгуультай холбоотой 492 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 274 нь орон нутагт, 218 нь нийслэлд байна. Мөн нийт гомдлын 146 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Гомдол гаргасан эх сурвалжийг нь ангилж үзвэл МАН-144, АН-154 ХҮН нам-15 гомдол, мэдээлэл ирүүлсэн. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 28.1 хувь нь Эрүүгийн хуулийн 14.5 буюу “сонгуулийн хорооны үйл ажиллагаанд саад учруулах” гэсэн зүйлд зүйлчлэгдсэн гомдол мэдээлэл эзэлж байна” гэв.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль баасан гарагт буюу энэ сарын 11-ний 07:00-20:00 цагт болно. Хуулийн дагуу өнгөрсөн есдүгээр сарын 26-нд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн билээ. Сурталчилгаа нийт 14 хоног үргэлжилсэн бөгөөд өнөөдөр /2024.10.09/ 00:00 цагт дуусах юм.
Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад мөнгө тараасан гэх гомдол мэдээлэл ирээгүй аж. Сонгууль дуустал сонгуультай холбоотой санал гомдлыг хүлээж авна гэдгийг албаныхан хэлэв. Мөн иргэдийн сонгох эрхэд халдсан /гар утас руу нь залгаж хэнд саналаа өгөх, хэнийг дэмжих вэ гэх мэт асуулт асуусан, хүний хувийн нууц мэдээлэл/-ийг авсан тохиолдолд гомдлоо гаргах боломжтой гэдгийг хэлэв.
Discussion about this post