Б.Энхбаяр бол өмнөх УИХ-ын үед нүүрсний хулгай, Хөгжлийн банкны тонуулаар сонсгол зохион байгуулсан Түр хороог даргалсан гишүүн. Лав энэ хоёр хулгай, тонуулыг бол гадарлаж биш “доторлож” мэдэх цөөхөн улстөрчийн нэг. Тэр сонсголоор яригдсан “нүүрсчид” УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгчээ. Энэ талаар тэрбээр өнгөрсөн баасан гарагт цахим хуудастаа бичжээ. “…Нүүрсчид нүүрсний сонсгол хийгдэж, илчлэгдсэндээ хорсож, илчлэгдсэн хулгайгаа дахиж хөндүүлэхгүй байж хэргээ замхруулах, цаашилбал эрх мэдлээсээ салж шоронд орохгүй байхын тулд шүүхээр дамжуулж нүүрсний сонсгол зохион байгуулсан УИХ-ын Түр хорооны даргаас “өшөө авч”, айлгаж амыг нь үдэх ажиллагаа хийсээр байгаа. Одоогоор гурван ч шүүхэд. Өнөөдөр нүүрсчид “ялж” байгаа. Тэд ард түмнийг мартамхай, нэхэл хатуу биш, нүглийн нүдийг гурилаар аргалчихна гэдэгтээ итгэж байгаа. Шүүхийн энэ асуудал нь хувь иргэн хоорондын асуудал биш Монгол Улсын Үндсэн хуульд заасан институт хоорондын, эрх мэдэл хуваарилах онол ба хэрэгжилтийн хувь заяатай холбогдох жишиг прецедент болох үр дагавартай гэж үзэж шүүхэд хандсан тайлбар, хүсэлтээ нээлттэй тавьж байна” гэжээ.
Б.Энхбаярыг нүүрсний сонсголыг зохион байгуулсан Түр хорооны даргынх нь хувьд гурван шүүхэд нэхэмжлэл очсон бололтой. Түүний тайлбараа дэлгэсэн нь “Эко глобал ложистик” ХХК юм байна.
Энэ компанийн талаар өнгөрсөн оны сүүлчээр болсон нүүрсний сонсголын үеэр нэлээд яригдсан. С зөвшөөрөлтэй холбогддог. Шинжээч “…Нүүрс ачих буулгах талбайн пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестын өгөгдлийг тулган баталгаажуулалт хийхэд олон улсын тээвэр С зөвшөөрөл бүхий 487 аж ахуйн нэгжээс 246 тээвэрлэгч нь нийт 52,030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байна” гэж танилцуулсан. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн нэг нь “Эко глобал ложистик” ХХК байв. Улмаар гаалийн бүрдүүлэлтгүйгээр нүүрс тээвэрлэсэн асуудлаар гэрчүүдээс мэдүүлэг авахад ҮСХ-ны дарга Б.Батдаваа дуудагдсан. “…Түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх найман компаниар дамжуулан 1,0 сая гаруй тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр хил нэвтрүүлсэн” гэж шинжээч танилцуулсан хэрэг. Энэ талаар Б.Батдаваа “…Манай эхнэр “И коммодитс монголиа интеллижент ложистик” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан. Тээврийн үйл ажиллагааг нь би мэдэхгүй. Учир нь би үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Компаниас нь асуусан нь зөв байх. Батмөнхийн Сувддэлгэр гэдэг хүн миний төрсөн дүү мөн. “Цэций гуай” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш, гүйцэтгэгч захирлаар 2023 онд буюу саяхан ажилд орсон. Энэ сонсголоор яагаад ийм асуудал яригдаж байгааг би ойлгохгүй байна” гэсэн. Гэсэн ч түүний эхнэр Ц.Амгалан болон дүү Б.Сувдэлгэрийнх нь эрх бүхий этгээдээр бүртгэлтэй найман компанийн нэг нь дээрх “Эко глобал ложистик” ХХК болж таарсан. Тэд өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгчээ.
Ер нь бол 2022 онд ихээхэн дуулиан шуугиан дунд ил болж байсан нүүрсний хулгайн асуудал өнөөдөр их сонин дүгнэлт рүү хөтлөөд эхэллээ. “Эрдэнэс Тавантолгой”-гоос ордог мөнгө нэмэгдсэнээс харвал ийм хулгай байсан юм шиг, харин хууль шүүхийн байгууллагын шийдвэрүүдээс үзвэл нүүрсний хулгай ерөөсөө байгаагүй мэт болж байна.
2022 онд сүр дуулиантай баривчлаад хорьж хорьж ялласан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын хэрэгт нүүрсний хулгайтай холбоотой асуудал байгаагүй болж таарсан.Мөн л “…Нүүрсний хулгайтай холбоотой” гэж зарлаад шалгаад байсан УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарыг шүүх саяхан цагаатгалаа.
Тэгсэн атал УЕПГ-аас мэдээлэл хийж “…Нүүрсний хэргээр 91 хүнийг шүүхэд шилжүүлж шийдүүлсэн” гэж мэдээлэв. Тиймээс олон нийт төөрөлдөх байдалтай болоод байгаа юм.
Хэзээ ч билээ, нүүрсний хулгай ид боссон үеэр байх, хууль хяналтын байгууллагын нэг том хүн “…Ерөөсөө бүх нам, бүх улстөрчөөс болоод улс орон хөгжихгүй, авлига хээл хахуульдаа идэгдчихээд бгаа юм биш шүү дээ. Тэр муу муухай бүгдийг хийж явдаг нам намын хаяа түшсэн хэдхэн л хүн байдаг юм” гэж билээ. Тэгээд хэдхэн нэр хэлсэн. Эхэнд нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийг нэрлэсэн.
Ер нь тэр үед АТГ ч 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой 17 хүнийг зарлахад мань эр байж л байсан. Улмаар 2023 оны гуравдугаар сарын 14-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн “…Нүүрсний хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэхээр Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна. Иймд тэдний бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлж байна” хэмээн мэдээлсэн. 2023 оны гуравдугаар сарын 23-нд УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа “…АТГ-аас өчигдөр УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Ерөнхий прокурор АТГ-аас ирүүлсэн саналтай танилцаж байна” гэж мэдэгдсэн. Ингээд маргааш нь Ерөнхий прокурорын санал УИХ-ын даргын гарт очсон.
Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Б.Бат-Эрдэнэ “…Хуулийг байгууллага хэрэг асуудал үүсгээд прокурор нь хяналт тавиад Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирж байгаа бол түдгэлзүүлэх нь зүйтэй. Асуудлыг хаалттай ярилцана” гэж мэдэгдсэн. Ингээд УИХ-аас 2023 оны гуравдугаар сарын 30-нд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарынхыг үлдээх шийдвэрийг гаргасан.
Энд нэг асуулт гарч ирнэ. Тухайн үед ч зарим улстөрч улс төрийн мэдэгдэл хийж байсан. “…Яагаад Өмнөговийн ганц гайгүй улстөрчийг намнаад байна вэ” гэдэг.
Зөрөөд нэг биш хоёр ч асуулт тавигддаг.
Нэгт, “…Яагаад орон нутгийн буюу жижиг “Тавантолгой” ХК-ийг тус компанийн 51 хувийг эзэмшдэг Өмнөговийн иргэд биш 49 хувьд оролцоотой “Ажнай” Д.Бат-Эрдэнэ мэддэг болчихсон бэ”
Хоёрт, “…Яагаад Д.Бат-Эрдэнэ нүүрсний хулгайд холбогдож, Монгол Улсын хууль хяналтын байгууллагад шалгуулж, УИХ хүртэл түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн бэ” гэдэг асуултууд гарч ирнэ.
Эхнийхийг Монгол даяараа мэднэ дээ. “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг эзэмшдэг Өмнөговь аймгийн засаг захиргааныхан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хажуугаар өчүүхэн ч мэдэл гаргаж чаддаггүй гэдэг. Тавантолгой ХК-ийн 49 хувь эзэмшигчдийн маргаан одоо хүртэл үргэлжилдэг. Орос түншийнхээ хувьцааг хууль бусаар авчихлаа гэдэг гомдол одоо ч хууль хяналтын байгууллагаар явдаг.
Дараагийнх нь, манай УИХ ер нь гишүүдийнхээ бүрэн эрхийг чөлөөлөх дургүй. Монгол хүндээ байдаг уу, адилхан “зовлон”-той болоод тэр үү, бүү мэд. Ерөнхий прокурор ийм санал оруулахад авч үлдээд л байдаг юм. Харин “Ажнай” Д.Бат-Эрдэнийг бол чөлөөлсөн. Өөр арга байгаагүй гэж гишүүд сүүлд ярьж байгаа дуулдсан. Яагаад гэхээр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хилийг давж хулгайгаар олборлолт явуулсан. Мөргөцөг олборлоод авчихсан гэдэг дээ.
Одоо УИХ-ын гишүүн болчихсон П.Сайнзориг 2022 онд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа “Тавантолгой” ХК-д БЭТ-өөр томилогдсон. Тэгж ирээд “…Миний бие 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд “Тавантолгой” ХК-д Засгийн онцгой БЭТ-өөр томилогдсон. 2015 онд акт үйлдэж хүлээлцэхээр тохиролцон буюу “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын лицензийн хилийн зурвас давж олборлосон нийт 340092.98 тонн нүүрсээс 2017, 2021, 2022 онуудад 70,127 тонн нүүрсийг биетээр хүлээлгэн өгсөн байдаг.
Харин өнөөдөр /2022.12.28/ буцаан өгөх үлдэгдэл нүүрсний сааж нүүрснээс бусад нүүрсийг бэлэн мөнгөөр буюу13.9 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК руу шилжүүлж, сааж нүүрсийг биетээр өгч, тооцоо нийлэх акт үйлдэхээр хүлээгдэж байна.
Энэ нь Монголбанкны өнөөдрийн ханшаар 48 тэрбум төгрөгийг шилжүүлж хоёр компанийн хооронд үүсээд байсан нэг асуудал эцэслэгдэж байна” гэж байсан юм.
Мөргөцгийн хохирлыг ингэж “Тавантолгой” ХК төлсөн. Харин “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэрэг одоог хүртэл хууль шүүхийн байгууллагаар эцэслэгдэж шийдэгдээгүй байна.
Яривал “Ажнай” Д.Бат-Эрдэнийн нүүрстэй, Тавантолгойтой холбоотой мөн ч их зүйл бий дээ. Гэвч сүүлийн үед нүүрсчид хаа сайгүй ялалт байгуулж, нүүрсний хулгай улам бүдгэрсээр байна.
Тэгээд ч, одоо сонгууль болж байна. Тэгэхээр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ч Өмнөговьт ялна. Тэрбээр “Тавантолгой” ХК-ийнхаа шим шүүсийг хүртсэн шиг байж байгаад, нүүрсний хэргээ шүүх хуулийн байгууллага дээр “барьсаар” байгаад цайруулах биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 195 (7439)
Discussion about this post