Хятадын тэрс үзэлтэн зураач Гао Жэнийг “хувьсгалын баатрууд болон алагдагсдыг доромжилсон” хэргээр саатуулсан гэж түүний ах, урлагийн хамтрагч Гао Цян мэдэгдэв. Ах дүү Гао нар БНХАУ-ыг үндэслэгч Мао Зэдун болон түүний дэглэмийг шүүмжилсэн өдөөн хатгасан уран баримал бүтээдгээрээ алдартай. Гао Жэнийн хувьд хоёр жилийн өмнө Хятадаас нүүж АНУ-д амьдрах болсон. Түүнийг Хэбэй мужид гэр бүлийн гишүүдтэйгээ уулзахаар ирсэн үед нь эрх баригчид баривчилжээ. Мөн наймдугаар сарын 26-нд Санхэ хотод байрладаг ах дүү нарын урлагийн студид цагдаа нар дайран орж, бүтээлүүдийг нь хураан авчээ.
Гао ах дүүсийн олонд танигдсан уран бүтээлээс дурдвал, 1980 оноос хойш тэд Мао Зэдуны гэмшил уран бүтээлийн цувралыг бүтээж, удирдагч асан бөхийж сууж буйг харуулсан. Мөн “Христийг цаазалсан нь”, Мао Зэдуны эхнэрийг том цээж, шонтгор хамартайгаар дүрсэлсэн зэрэг баримлууд нь хамгийн алдартай. Мао дарга гэгддэг Мао Зэдун 1949 онд Коммунист Хятадыг байгуулахад тусалж, 1960-1970-аад оны үед нэг сая гаруй хүн амиа алдсан гэж үздэг Соёлын хувьсгал гэгддэг үймээн самуунтай үед удирдаж байжээ.
Тухайн үед ах дүү Гао нарын аав нь дайсан, урвагч хэмээн гүтгэгдэж амиа алдсан байдаг.
Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин 2021 онд хувьсгалт баатар, дайчдыг хууран мэхлэх, доромжлохыг хориглосон эрүүгийн хууль гаргажээ. Хэрэв хууран мэхэлж, доромжилсон бол гурав хүртэл жил хоригдох ялтай. Гао ах дүүс тэрс үзэлт карьерынхаа ихэнх хугацаанд Коммунист намын хараанаас зугтаж чадсан. Учир нь үзэсгэлэнгээ зохион байгуулахдаа олон нийтээс нууцалдаг байсан бөгөөд зөвхөн тодорхой тооны хүмүүст урилга өгдөг байжээ.
Discussion about this post