Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа. Ингэснээр шинжилгээнийхээ хариуг И-Монголиа системээр авах, үзлэгийн түүхээ гар утаснаасаа харах, цаасан дэвтрээ гээсэн тохиолдолд дахин авах шаардлагагүй зэрэг олон давуу талтай болж байгаа юм. Энэ талаар НЭМГ-ын дарга Б.Батцоож мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд цахимжуулах ажил чухал. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, зочид буудал, боловсрол, эрүүл мэндийн байгууллага гэсэн 12 чиглэлд нийт 20600 гаруй байгууллагын 135-150 мянга орчим ажилтан, албан хаагч жилд 1-2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Эдгээр хүмүүсийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр цахим болсноор иргэдэд хүртээмжтэй үйлчлэх, эмнэлгийн байгууллагын ачааллыг бууруулах, хуурамч шинжилгээний хариу бүрдүүлэхгүй байх, статистик мэдээллүүд илүү бодит болж, бодлогын хэмжээнд эергээр нөлөөлнө. Цаашид мөн төрийн бусад үйлчилгээг цахимжуулахад туршлага болж байна” гэдгийг онцоллоо.




















Discussion about this post