Улс төр - 2022/01/14 08:42

БАЙР СУУРЬ: Үндсэн хуульд найман жил гар хүрч болохгүй

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд, Ш.Адъшаа нар “давхар дээл”-ийн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа билээ. Улс төрийн хүрээнд, Үндсэн хуулийн Цэц эдгээр гишүүдийн маргаан Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргаж, УИХ түүнийг нь хүлээж авна гэсэн таамаг өрнөж буй. Тиймээс энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах магадлалтай болоод байгаа юм. Иймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж бий эсэх талаар хуульчдын байр суурийг сонирхлоо. 


ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА БАЙСАН

Хуульч, өмгөөлөгч Э.ГАНХӨЛӨГ:

-Аливаа хуулиар нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулж байдаг. Харин Монгол Улсын Үндсэн хууль бол бүх хуулийн тулгуур учир цаг үедээ тохируулж нэмж засварлах зайлшгүй шаардлага байсан гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр дараах өөрчлөлтүүд орсон. Нэгдүгээрт, УИХ-ын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх заалтууд нэмэгдсэн. Жишээлбэл, УИХ-ын ээлжит чуулганы хугацааг 50 хоног байсныг 75 болгон нэмсэн. Мөн УИХ-ын гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоосон тохиолдолд эгүүлэн татдаг зохицуулалттай байсан. Харин Монгол Улын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд эгүүлэн татах заалттай болсон. Энэ нь маш чухал онцлох заалт болсон гэж үзэж байна. УИХ-ын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх 10 заалт Монгол Улсын Үндсэн хуульд шинээр нэмэгдсэн.

Хоёрдугаарт, улс төрийн нам байгуулах шаардлагыг өндөрсгөж өгсөн. Одоогийн байдлаар Монгол Улсад 30 гаруй улс төрийн нам бүртгэлтэй гэсэн мэдээлэл байдаг. Энэ нь манай улсын хүн амын тоотой харьцуулахад маш өндөр тоо юм. Учир нь олон тооны улс төрийн нам байх нь улс төрийн талцал, хуваагдал үүсгэдэг. Цаашлаад төрийн байгууллагын ажилчдын тогтвортой байдалд хүртэл нөлөөлж болзошгүй нөхцөл байдал ажиглагддаг. Иймд энэхүү зохицуулалт нь маш хэрэгтэй зохицуулалт болсон гэж хуульч хүний хувьд үзэж байна. Мөн намын орлогын эх үүсвэр, зарцуулалт нийтэд ил тод байх зохицуулалтыг тусгаж өгсөн. Гуравдугаарт, ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан хүрээнд хуулиар олгосон. Энэ нь ерөнхийлөгчийн бүрэн эрх багасч, хязгаарлалт тогтоосныг харуулж байна. Дээр дурдсанчлан шаардлагатай зохицуулалтууд нэмэгдсэн. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байсан гэж миний хувьд үзэж байна.

НАЙМАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ГАР ХҮРЧ БОЛОХГҮЙ БУЮУ ДАХИН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ХУУЛИАР ХЯЗГААРЛАСАН БАЙДАГ


Хуульч Ш.АЛТАНГАДАС:

-Үндсэн хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиудад зааснаар Үндсэн хуулийг дээдлэн сахиж, хүндэтгэн биелүүлж, түүний тогтвортой байдлыг хангах үүргийг УИХ хүлээнэ. УИХ гэдэг нь 76 гишүүнтэйгээр дөрвөн жилийн бүрэн эрхийг хэрэгжүүлж буй гишүүдийн нийлбэр. Өөрөөр хэлбэл, гишүүд сонгуульт дөрвөн жилдээ Үндсэн хуулийг дээдлэн сахих, хүндэтгэн биелүүлэх, Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй байна. Учир нь Үндсэн хууль нь бүх ард түмний өмч, нийгмийн зөвшилцлийн дээд гэрээ бүхий чухал баримт бичиг болохынхоо хувьд тогтвортой үр нөлөөтэй байх шаардлага агуулж байдаг. Ийм ч учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон бол найман жилийн хугацаанд гар хүрч болохгүй буюу дахин нэмэлт өөрчлөлт оруулахыг хуулиар хязгаарласан байдаг.

Гэтэл уг Үндсэн хуулийг тогтвортой байх байдлыг хангаж, дээдлэн сахих үүрэг бүхий УИХ-ын гишүүд уг хязгаарлалтыг зөрчиж, өөрчлөх тухай санал гаргаж, нийгэмд тийм ойлголт төрүүлж буй үйлдэл нь Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүний бүрэн эрхээ зөрчиж буй үйлдэл ч байж болох талтай. Мэдээж үүнийг Цэцэд хандаж тогтоолгож, эгүүлэн татах асуудал яригдаж ч болох юм.

Үндсэн хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиудад туйлын тодорхой заагдсан, ямар ч хоёрдмол утгагүй зүйлүүдийг УИХ-ын гишүүн нь Үндсэн хуулийнхаа эсрэг тайлбарлаж, нийгэмд тийм ойлголт төрүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, хүндэтгэн биелүүлж буй үйлдэл огтоос биш юм. УИХ-ын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхийг тангараглаж, уг тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээхээ батлан тангарагласан субъект шүү дээ.

ҮНДСЭН ХУУЛЬ ТОГТООГЧ НЬ УИХ БИШ, МОНГОЛЫН АРД ТҮМЭН


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Ардчилсан Үндсэн хууль бидэнд маш том ололт, амжилт өгсөн. Үүнийг бид мартаж болохгүй. Монгол хүн төрөө байгуулж, үгээ хэлж, өмчийг шударгаар авах суурь зарчмуудыг зарлан тунхагласан. Монгол Улс ардчилсан Үндсэн хуулийг баталснаар дэлхийн 190 гаруй улстай дипломат харилцаатай болсон. Гэхдээ "Сайны хажуугаар саар" гэгчээр Үндсэн хуулийг дээдлэх гэсэн чухал ойлголтыг улс төрийн намууд буруу ойлгож ирсэн. Үндсэн хуулийг дээдлэх нь зөвхөн төрийн ордонд залрах, Ерөнхийлөгч болж тангараг өргөхөд ашигладаг зүйл биш. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд үйл ажиллагаандаа алхам тутамдаа өдөр бүр мөрдлөг болгох оюуны бүтээл юм.

Үндсэн хууль тогтоогч нь УИХ биш, Монголын ард түмэн. Үүнийг Үндсэн хуулийн оршил хэсэг дээр маш тодорхой бичсэн байдаг. Гэвч сүүлийн хэдэн жил Үндсэн хуулийн дээгүүр алхдаг болсон. Сонгогдож гарч ирснийхээ дараа Үндсэн хуульдаа үнэнч байна гэж тангараг өргөдөг. Харин маргааш нь Үндсэн хуулиа мартдаг. Нэг нам дангаар ноёрхсон үед Үндсэн хуулийн заалт тунхаг төдий болж үлддэг юм байна. Засгийн газрыг хянадаг УИХ байхгүй болсон. Ерөнхийлөгч хэдийгээр намаасаа түдгэлзэж, Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч албан тушаалтан боловч намынхаа үзэл санаанд шигдээстэй байна. Тиймээс цаашид парламентад суудалтай улс төрийн намуудын бодит хүчний харилцаан дээр анхаарахын тулд Сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой.

Энэ мэдээ 265 хүнд хүрсэн байна
Холбоотой мэдээ