Нийгэм - 2022/01/14 08:39

Омикроны тархалт ихэсч, IV тунд хамрагдах идэвх өсөв

Халдварын тархалт өндөр ч өвчлөлийн зэрэг хөнгөн байгаа нь вакцины үр дүн гэдгийг эрдэмтэд хэлж байна. Шинжлэх ухааны ололтод суурилсан урьдчилан сэргийлэлт бол яах аргагүй вакцин. Монгол Улсад Covid-19-ийн эсрэг вакциныг өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 23-наас эхлэн тарьж байгаа билээ. Нийт хүн амаа вакцинжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж, нэмэлт тунгуудыг ч хийсээр буй. Тухайлбал, нийт зорилтот бүлгийн хүн амын 70-аас дээш хувь нь Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна.

Түүгээр ч зогсохгүй нэмэлт тун хийлгэх иргэдийн тоо ч ихэсчээ. Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэнээр дөрөвдүгээр тунд хамрагдах иргэдийн идэвх өдөр ирэх бүрд нэмэгдэж байна. Хэдийгээр вакцин 100 хувь хамгаалалт биш ч Covid-19-өөр өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэл бага. Иймд урьдчилан сэргийлэх чухал алхам бол улсаас үнэ төлбөргүй хийж буй дархлаажуулалтын вакцин.

Олон улсад вакцины тухай эерэг, сөрөг олон мэдээлэл гарч, цахим хуудаст хүмүүс хоорондоо мэтгэлцэж, үзэл бодлын зөрчил гарч байгаа ч ДЭМБ болон бусад эрдэмтэн судлаачид, анагаах ухааны доктор, профессоруудын зөвлөж байгаагаар Covid-19-ийн эсрэг эмчилгээ хаана ч байхгүй. Тиймээс урьдчилан сэргийлэлтэд вакцинаас өөр "найдвартай арга" одоогоор алга байна.

IV ТУН ХИЙЛГЭВЭЛ ВИРУСЭЭС ХАМГААЛАХ ЧАДВАР 19-27 ДАХИН ИХ БАЙНА

Яамнаас өгч буй судалгааны мэдээллээр Израиль улсын хувьд дөрөвдүгээр тун эсрэг биеийг тав дахин өсгөж байна гэжээ. Мөн АНУ-ын өвчний хяналтын төвийн судалгаагаар дархлаажуулалт эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 84 хувь багасгаж байгаа аж.

Харвардын судлаачдын тогтоосноор III тун хийлгэснээс 90 хоногийн дараа дөрөвдүгээр тунг хийлгэвэл вирусээс хамгаалах чадвар 19-27 дахин их байна гэжээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай нүүр тулж, түүнээс сэргийлэх, халдвар авсан тохиолдолд эмчилж эдгээхэд эрсдэл учирч буй. Эм, эмнэлгийн хэрэгсэл хил гаалиас шалтгаалж тасрах, хомсдох, эмнэлгийн эмч, ажилчид халдвараар өөрсдөө өвдөж, хүний нөөцгүй болох гээд бид өнгөрсөн хугацаанд олон бэрхшээлийг даван туулсан.

"Covid-19 ханиад учраас эм уугаад л намдана. Суурь өвчингүй бол өвдсөн ч хүндрэхгүй" гэж ам бардам байсан хүмүүс эцэст нь өөрсдөө өвдөж байна. Мөн архаг, хууч өвчтэй хүмүүс вакцин хийлгэсний хүчинд сэхээнд орсон ч эргэж сэргэсэн. Энэ бүхэн эмч болоод өвдөөд эдгэсэн хүмүүсийн хэлж байгаагаар вакцины үр дүн. Зарим хүн хангалттай мэдээлэл, ойлголтгүйгээс болж вакцин хийлгэсэн л бол огт халдвар авахгүй мэтээр ярьж байсан.

Халдвар анх бүртгэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн учраас иргэд харьцангуй туршлагажсан. Удирдах шатны алба хашиж байгаа хүмүүс л улс орон болоод иргэд рүүгээ "ус" цацаад байгаа болохоос халдварын тархалтыг хумихад гол нөлөө үзүүлж буй хүчин зүйл бол хүмүүсийн дархлаажуулалтын идэвх. Ямартай ч иргэдийн вакцинд итгэх итгэл үнэмшил жилээс жилд өсч байна. Учир нь халдварынн олон төрлийн хувилбар гарах бүрд олон улсад тархах, өвчлөх, нас барах эрсдэл өсч буйг хүмүүс харж байна.

Эрсдэл, эндэгдэл хүлээхгүйн тулд эрт урьдчилан сэргийлэх л хамгийн зөв гаргалгаа. Эрдэмтэн судлаач болоод Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд үүнийг сар бүр сануулдаг. Нэмэлт тунгийн талаар эрүүл мэндийн салбарын хүмүүс ямар байр суурь илэрхийлж байгааг хүргье.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:

-Вирус бүрийн онцлог өөр. Тиймээс Covid-19 цар тахлын тухайд ч нэмэлт тун хийж байж баттай хамгаална гэсэн үг. Судалгааны байгууллагын дүгнэлтэд вакцинд хамрагдсан хүмүүс өвдөх нь бага, өвдлөө ч эрсдэлгүй гэсэн байгаа.Засгийн газраас вакцины нөөцийг хангалттай бэлдсэн. Иргэд л дархлаажуулалтад идэвхтэй хамрагдвал эрсдэлт хүчин зүйлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна. Халдвар авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо буурч байна. Энэ бол вакцинжуулалтын үр дүн.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:

-Дөрөвдүгээр тунд Файзер вакцин хийж байна. Файзер вакцин нь цус өтгөрүүлдэггүй. Тиймээс иргэдэд цус өтгөрч, харвах эрсдэл учрахгүй гэсэн үг. Вакцин хийлгэхийн өмнө даралт, биеийн байдлаа эмчид хянуулж байгаа учраас айх хэрэггүй. Дельта хувилбартай харьцуулахад омикрон хувилбарын эсэд нэвтрэх чадвар эрс нэмэгдсэн. Эрдэмтэд омикрон хувилбар мутацид орсноор вакцины үр нөлөө тодорхой хэмжээнд буурах болов уу гэж эмээж байсан. Хэдийгээр омикрон хувилбарын мутаци эс рүү нэвтрэх чадвар нэмэгдсэн ч вакцины бүүстер буюу гурав, дөрөвдүгээр тунгаар идэвхижсэн эсийн дархлаа, эсрэг төрөгчийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж б,уй нь вакцин үр дүнтэй байгааг харуулсан. Хэдийгээр эс рүү нэвтэрч чадаж байгаа ч гэсэн хүний дархлааны эсүүд олширсон учир богино хугацаанд таньж, халдварлагдсан эсийг устгаж байна. Мөн эсрэг төрөгчийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа учир омикрон хувилбарын үед халдвар, өвчлөл, хүндрэлээс сэргийлэх вакцины үр нөлөө маш сайн хадгалагдаж байна. Монгол Улсын хувьд гадаад болон дотоодын судалгаанд үндэслэн гуравдугаар тунгаас хойш гурван сарын дараа, мөн вакцин үйлдвэрлэгчийн удирдамжийн хугацааг харгалзан, дөрөвдүгээр тун хийх боломжтой гэсэн зөвлөмж гаргасан.

Эдгээр суурь судалгаа, шинжилгээнд үндэслэж Монгол Улс дөрөвдүгээр тунг хийж эхлээд байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар дархлаажуулалт бол эрсдэлийг бууруулах хамгийн том боломж.

2022 оны нэгдүгээр сарын 13-ны байдлаар Covid-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 86, хоёрдугаар тунд 111, гуравдугаар тунд 2859, дөрөвдүгээр тунд 4681 нийт 7737 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75 хувь нь нэгдүгээр тунд, 71.8 хувь нь хоёрдугаар тунд, 49.5 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм.

Вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 1.5 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3017 жирэмсэн эх, 12-15 насны 68417 хүүхэд, 16-17 насны 26976 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. Нийслэлд нийт 14290 иргэн вакцины дөрөвдүгээр тунд хамрагдаад байна. Зорилтот бүлгийн иргэн бүр Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсанаар халдварын тархалтыг бууруулах боломжтой билээ.

Энэ мэдээ 259 хүнд хүрсэн байна
Холбоотой мэдээ