Дэлхийд - 2021/10/10 03:37

АНУ-ын цэрэг гарснаас хойших хамгийн их хохиролтой террорист халдлага Афганистанд гарлаа

Баасан гарагийн мөргөлийн үеэр Афганистаны Кундуз хотын шийт урсгалын сүмд амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 55 хүн амь үрэгджээ.


Энэ нь АНУ-ын цэрэг тус улсаас гарснаас хойших хамгийн их цус асгаруулсан халдлага болж байна.

Халдлагыг Афганистан дахь Исламын Улс бүлэглэлийн салбар Хорасан (ISIS-K) үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ. Амиа золиослогч нь уйгар үндэстэн байсныг бас мэдээлсэн байна.

Талибанчууд хөрш Хятад улстай харилцаагаа сайжруулахын тулд Уйгарын салан тусгаарлагч зэвсэгт бүлэглэлийн Афганистан дахь үйл ажиллагааг хязгаарлах бодлого барьж эхэлсэн нь үүнд нөлөөлсөн гэж Хорасан бүлэг Телеграм хуудсандаа мэдээлжээ.

Исламын шашны суннит урсгалыг хүн амын ихэнх нь дагадаг Афганистанд шийт урсгалыг шүтэгчид цөөнх (20 орчим хувь) болдог бөгөөд шашны радикал үзэлтнүүдийн халдлагын гол бай болсоор ирсэн түүхтэй.

Шийт урсгалыг шүтэгчдийн ихэнх нь Афганистаны үндэстний цөөнх Хазарууд юм.

Тажикистантай хил залгадаг Кундуз мужийн нийслэл Кундуз хот нь Афганистаны умард хязгаарын эдийн засаг, худалдааны гол төв болдог.

Энэ хотод хяналтаа тогтоохын төлөө Талибанчууд Афганистаны өмнөх засгийн газрын армитай хэд хэдэн удаа ширүүн тулалдаж байсан юм.

 

Энэ мэдээ 40 хүнд хүрсэн байна
Холбоотой мэдээ