7.1 километр дугуйн зам барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна



Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7.1 км дугуйн зам барих  бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын далан барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфальтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэхээр төлөвлөгдөж байгаа аж.  

Дугуйн замыг ашиглалтад оруулахад нэмж хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар гүйцэтгэгч компанийн зүгээс дуулгасан юм. Хотын Захирагч шаардлагатай хөрөнгийн судалгааг яаралтай гаргаж танилцуулахыг холбогдох албаныханд даалгаад, ирэх 5 дугаар сард дугуйн замыг хийж дуусгахыг үүрэг болгов.

Улаанбаатар хотод нэмж найман байршилд дугуйн зам байгуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд төлөвлөгдөж байгаа хэд хэдэн байршлуудад газар дээр нь очиж нөхцөл байдлыг нь шалгалаа. Хотын Захирагч хэлэхдээ “Явган хүний замыг өргөтгөж дугуйн замтай болгох асуудлыг стандартын дагуу хийх ёстой. Зарим аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн талбайг хашиж явган хүн явах боломжгүй нарийнхан болгосон байна. Газар зохион байгуулалтын алба үүнд анхаарч хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй” гэсэн юм.

Leave a Comment