Ардын багш "хүчирхийлэгч" хэвээр байх уу?

Ардын багш "хүчирхийлэгч" хэвээр байх уу?


Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Багш” найраглалдаа “Багш та хариу нэхдэггүй өглөгч юм” хэмээн өргөмжилж, хорвоогийн хамгийн төгс хүмүүсээр тодруулсан байдаг. Гэтэл цаг цагаараа байдаггүйг багш нар сүүлийн хэдэн жилүүдэд жинхэнэ утгаар нь мэдрүүлж байна. Цалин хөлс муу байна хэмээн байнга гомдоллодог багш нарын зан харилцаа Монголын боловсролын салбарын "хорт хавдар" болжээ. Хэдийгээр Засгийн газар багш нарын цалинг нэмж, хуулиар хариуцлагыг нь чангатгасан ч ёс зүйгүй үйлдлийг нь хязгаарлаж чадсангүй. 
Ялангуяа улсын сургуулиудад багшилж буй багш нартай холбоотой гомдол, шүүмжлэл тасардаггүй. Бага ангийн хүүхдүүдийн хувьд гол үлгэр дууриал авдаг хүн нь багш байдаг. Багш нь хэн нэгнийг гадуурхвал сурагчид даган дуурайдаг. Тиймээс багш нарын харилцаа хандлагыг үндсээр нь өөрчлөхгүй бол сургуулийн орчин дахь хүчирхийлэл улам гаарах нь.
Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 1-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг бүрэн дунд сургуулийн багш 41 настай эрэгтэй С нь согтуудаа сурагчдыг зодсон хэрэг гарчээ. Уг хэргийг одоогоор Сүхбаатар аймгийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Үүнээс гадна Нийслэлийн нэгдүгээр сургуулийн бага ангийн багш О нь бүтэн жилийн турш ангийнхаа хүүхдийг дарамталж, гар хүрдэг хэрэг саяхан ил болсон. Энэ зохисгүй явдлын гол дүр болох багш О нь одоог хүртэл ямар нэгэн хариуцлага хүлээлгүй ажлаа хийсэн хэвээр байна. Гэтэл үүний цаана хүүхдийн сэтгэл зүйд ямар том толбо үлдэж буйг хэн ч авч хэлэлцээгүй бололтой. 
Тэр ч  бүү хэл шавиа тооны машин алга болсон хэрэгт сэрдсэн асуудал ч гарсан. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын дотуур байрны 11 настай Х өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр сураггүй болсон тухай мэдээлэл цацагдсан ч хоёр хоногийн дараа эсэн мэнд олдсон юм. Гэхдээ энэ хэрэг явдал болохын өмнө ангийн багш нь Х-г тооны машин алга болсон хэрэгт сэрдсэн байдаг. Хулгайн хэрэгт сэрдэгдэнэ гэдэг хүүхдийн хувьд асар том шийтгэл. Тэр тусмаа үйлдээгүй хэргийнх нь төлөө хүүхдийг хулгайч болгоно гэдэг бол ноцтой буруутгал юм. Дараагийн тохиолдол нь Өвөрхангай аймгийн нэгдүгээр сургуулийн багш Ц нь гэрийн даалгавраа хийгээгүй гэх шалтгаанаар бага ангийн хоёр эрэгтэй, таван эмэгтэй сурагчийн чээжин хэсгийн хувцсыг тайлуулж, нүцгэлэн ангиудаар хэсүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргаж байв.
Ажлын байрандаа архидан согтуурч, өөр хоорондоо нүдэлцдэг байсан бол одоо бүр даварч, түмний хүүхэд рүү гар зангиддаг болж. Нэг ёсондоо хүмүүжил олгох ёстой ардын багш хүчирхийлэгч болчихоод байгаа нь бодит үнэн.
Амьтан сургагч ч хүртэл хүний хэл мэдэхгүй амьтантайгаа эв найртайгаар ойлголцож, арга эвээр сургадаг. Гэтэл хүн хүнтэйгээ харьцаж чадахгүй тэр дундаа багш хүн сурагчтайгаа хэл амаараа бус нударгаараа харьцаж байгаа нь даан ч харамсалтай. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үгтэй. Нийгмийн гэмт үйлдэл, бусармаг бүхнийг бусад нь байг гэхэд багш хүн ядаж дууриахгүй байхсан.
Хүчирхийлэгч хүчирхийлэгчийг төрүүлдэг гэдэг. Хүчирхийлэгч багшийн гараар төлөвшсөн хүүхэд насанд хүрсэн хойноо гэр бүл, үр хүүхдэдээ энэ авираа гаргахыг үгүйсгэх аргагүй шүү дээ.
Цэцгийг хайрлаж, чин сэтгэлээсээ ярилцаж ургуулдаг гэдэг. Гэтэл дөнгөж нахиалах гэж ядаж буй цэцэгсийг ширүүн гараар тасдаж, цэв хүйтэн усаар хайраад байвал ургана гэж үү? 

Leave a Comment