Б.Жигжиднямаа: Зүүнбаянд төмөр зам барихад ОХУ-аас техник, менежментийн зөвлөмж авна


                                    -ОХУ-ын нийслэл Москва хотоос мэдээлж байна-
Ерөнхий сайдын ОХУ-д хийж буй айлчлалын үеэр өнөөдөр Монгол Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа “РЖД Интэрнешнл” ХХН-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А. Столяров нар  “Зүүнбаян – Таван толгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа.

Монголчууд Зүүнбаянгийн чиглэлд анхны төмөр замаа өөрийн хүчээр барьж байна. Төмөр зам барих ажилд ОХУ-ын талаас техникийн болон барилгын менежментийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэхэд гэрээний ач холбогдол оршино. Энэ талаар тус нийгэмлэгийн дарга Б.Жигжиднямаа, Энэ гэрээ бидний хувьд маш чухал. Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замыг Монголын стандарт буюу өргөн царигаар барьж байгаа бөгөөд барилгын ажилд ОХУ-ын мэргэжилтнүүд зөвлөгөө тусламжийг авах хамтын ажиллагааг зохицуулна.

-Төмөр замын дүрмийн сангийн шинэчлэлтэй холбоотой асуудлууд яригдаж эхэлсэн. Айлчлалынүеэр ямар нэг шийдэл гарах уу?
-Энэ удаагийн айлчлалаар яригдахгүй, ЗТХЯ-ны түвшинд гүнзгийрүүлэн судлах ажлууд хийх юм. Үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх санхүүжилтээр Улаанбаатар төмөр зам ХНН-ийн техник, технологийн шинэчлэл хийх, төмөр замын тээх, нэвтрүүлэх чадлыг дээшлүүлэх зорилготой.  Миний бодлоор хэлэлцээнүүд 2020 оны нэгдүгээр сард дуусаж, гарын үсэг зурахад бэлэн болох байх гэв. 

Засгийн газраас Монгол Улсад 6600 км төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар шийдвэрлэсэн бөгөөд үүний эхний үе шатанд баригдах 1100 км орчим төмөр замын хэсэгт Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахаар тусгасан.  

Тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг дотоодоосоо шийдэх бөгөөд эхний ээлжийн санхүүжилтийг "Монгол төмөр зам" ТӨХК хүүгүй 20 жилийн хугацаатай 750 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт цаас гаргаж, уг үнэт цаасыг нүүрс тээвэрлэлтийн төлбөрөөс суутгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр "Эрдэнэс-Тавантолгой" ХК худалдан авах замаар санхүүжүүлж байгаа аж. 

Уг төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд баригдах бөгөөд урт нь 414.6км үргэлжилнэ. Мөн 1 өртөө, 6 зөрлөгтэй, төмөр замын голын даац 25тн, царигийн хэмжээ 1520мм-ээр баригдана. Энэхүү төмөр замаар жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолсон байна. 

Төслийг захиалагч: "Монголын төмөр зам" ТӨХК
Төмөр замын доод бүтцийн ажлын гүйцэтгэгч: Монгол улсын Зэвсэгт хүчний Жанжин Штаб 
Төмөр замын дээд бүтцийн ажлын гүйцэтгэгчээр "УБТЗ" ХНН ажиллаж буй юм.

Leave a Comment